Ухаарлын дусал

A fine WordPress.com site

Үндсэн хуулиар боловсролоо аварья

Маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн

Маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн
 
Бөхийг хоригломоор байна. Тэгэхгүй бол олон эрэгтэй хүүхэд хайран залуу сайхан насаа бөх, тэх гэж яйран өнгөрөөж, ид насандаа хийх ажилгүй ажилгүйчүүд болоод байна. Бөхийг хориглочихвол 100,101 жилийн 1024 сайхан, ид ажлын залуус бэлэг сэлт гэж хүний гар харахгүй эрдмийн мөр хөөж, мэдлэг, чадвараар илүү баталгаатай сайхан амьдралын замыг эрт олох нөхцөл бий болох юм. Бөх насаараа бат бөх байдаг гэвэл үгүй. Ихэнхи нь их эрт гэмтэл аваад эрүүл мэндээрээ хохирч, хэт ачаалал авснаасаа зүрх нь савладаг болчихсон сүрэг байдаг юм. Тэгээд тэд ид ажиллах насаа олигтойхон хийх ажилгүй байсаар өнгөөрөх тавилантай учрах нь олон. Тэгээд ч манай улс ажиллах хүчээр бялхчихсан улс биш. Ийм сайхан эрүүл саруул залуучууд бөх гэж хайран цагаа яйран өнгөрөөж явахын оронд баялаг бүтээгч болж улс орондоо хувь нэмэртэй явбал өөрсдөд нь уг нь их хэрэгтэй юм. Ийм зорилгоор бөхийг яаралтай энэ улсад хоригломоор байна. Яг энэ шалтгаанаар Японд сумо болох хүүхэд олдохгүй болчихсон шүү дээ. Удахгүй манай улс хөгжөөд тунгалагжаад ирэхээр бөх болох хүүхэд уулаасаа мэдээж олдохгүй.
 
Морь уралдуулахыг хоригломоор байна. Ийм цэнгүүн эрт галавын үе, дайтаж, байлдахаас өөр онцын хийх зүйлгүй цагийн хүмүсийн хийдэг үйл юм. Одоо амьтны эрхийн хамгаалах үүднээсээ ч, бас манайхны уламжлалт гэх хамаг амьтны тусын тулд байх нөгөө ламаизмын шашины үүднээс ч сүлдэнд тахисан эрдэнэт хүлэг, сайн нөхөр морио дөрвөн улирлын турш зовоох нь хүний ёс биш, хүнлэг энэрэнгүй ёс биш юм. Манай ёс ч биш юм. Харин мөнгөний ёс болчихоод байна.
Уул тахихыг хоригломоор байна. Байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг цэвэр тунгалаг байдлаар нь жам ёсоор нь хадгалж хайрлах нь эртнээс өнөө хүртэлх хүн төрөлхтний хамгийн эрхэм ёс, үнэт зүйл юм. Уул тахих гэдэг уул бохирдуулах, дарцагуулах, суваргажуулах, хөшөөжүүлэх,уйхайлан уурхайлах гэсэн утга биш. Харин байгаль, уул усаа хамгаалах, тэдний зүй ёсны орших нөхцлийг нь эвдэхгүй байх, хонь ямааг идэх гэж хүй олноор үржүүлж түүнийг тахлахгүй байх зэрэг хүн, байгалийн зүй зохистой ухаалаг харьцааг л уулыг хайрлаж хамгаалж байна гэж тусгаж авбал ононо. Дэлхийн хаа сайгүй сайхан уул байна аа байна. Тэр бүхнийг дэлхий тахиж байна гэж бохирдуулаад байгаа юм алга. Марсын Олимпийг эндээс тахиад байгаа юм алга, харин түүнийг судалж л байна.
 
Ийм гурван зүйлийг хориглосны дараа маш олон хүн эдийн засгийн маш ашигтай байна, үрлэгэн биш байна гэж баясах нь дамжиггүй. Ёстой их баярлалаа гэх нь ч олон байх нь дамжиггүй. Бид тань бие биеэ дурайж намаржингаа дов бүрийг тахих гэж маш их ядарч байгаа шүү дээ. Ядуурч ч байгаа ш дээ. Үрлэгэн зардал гардаг шүү дээ. Урдах довд тань үнэндээ бидний ийм ачлал огт хэрэггүй. Харин зөв зүйтэй харьцаа л тэдэнд хэрэгтэй юм. Тэгэхийн тулд түүнийг судалдаг.
Монгол уламжлал энэ тэрээ гэж хэлж, одоо яана гэж үү!
Уламжлал ухаарлаар шинэчлэгдэж, соёлжиж, иргэнжиж байдаг нь хөгжлийн жам ёс юм. Хөгжил, иргэншил ийм л байдлаар явагддаг.Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Өөрчлөгддөггүй зүйл үгүй.
Тийм учраас энэ гурван үрлэгэнг энэ улсад маш яаралтай хориглох хэрэгтэй. Тэгэхэд эхлээд эвгүй мэт авч эцэстээ их эвтэйхэн байх болно. Хөгжилтэй, хөгжсөн юм шиг байх болно. Хамгийн гол нь хүн бүрт эдийн засгийн хувьд тэр хориг их эвтэй байх юм. Улсад бол бүүр эвтэйхэн болно. Хэмнэсэн мөнгөөрөө гадаад өрөө төлнө гээд л…
Бөх яана гэж үү! Бөх бөх бөх гэж багаас нь хөөргөхгүй болчихоор хүүхэд багаасаа эрдэм номын мөр хөөж, хүний ёсоор хөдөлмөрлөж эх орондоо бодит нэмэр оруулагч болсон байх юм. Зарим нь бүүр баялаг бүтээгч, их наятанч эрт болсон байж ч юун магад. Заавал бөх байх тавилантай байсан юм гээд байгаа нь чаддаг юм бол олимчин болчихгүй юу, тэгвэл. Чадах уу!
Хүн ч, улсад ч ийм л хортой, үрлэгэн гурвал шүү дээ, тэр.
Хориглочихож, үнэндээ, яах ч үгүй. Зөв.
 
Ц. Лувсандорж
 
2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Тулгын гурван чулууг нуртал удирдсан манан

Тулгын гурван чулууг нуртал удирдсан манан

Энэ короновирус мэт бүх ниитийн амь насанд аюул учруулах, улс орны аюулгүй байдалд аюул хүргэх ийм аюултай байдалд энэ улсыг тулж авч үлдэх оршихуйн тулгын 3 чулуу болсон эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлын салбар үүнд хир зэрэг бэлэн, хэр зэрэг бэлтгэгдсэн байдаг вэ?

Ийм асуултыг эргэцүүлдэг хүн бүр найрнаасаа, нойрноосоо салж буй энэ цаг дор өөртөө нэг тавьж үз.

Короновирустай тэмцэж буй эмч нарын аюулгүй байдлыг төр хэрэг хангасан байна бэ? Хоол унд нь хүрэлцээтэй, хувьцас хунар хангалттай, хамгаалалтай биз! Багаж зэвсэг байгаа л биз дээ!

Короновирусээс одоо л эмээж буй хэнэггүйчүүд овоо нэг хэнэгтэй болж эмийн сан руу шагайж ариутгалын бодис асуухад тэр нь одоо байна уу?

Байхгүй, яваад ч хэрэггүй, хөлний гарз гээд хээв нэг хэлж зогсох эмийн санчин энд тэнд байж л байх юм. Бас бүүр бөөмлөг үрэл тараан, бөөгнүүлж ном уншуулна гээд хээв нэг хэлж суух сүрэг лам бас байх.

Эрүүл мэндийн салбараа 30 жил нялх сэнгүүнчүүдээр удирдуулж, зүгээр л орхичихсны горийг энэ улс зөвхөн короновирусын ийм үед төдий биш 30 жил амсаж ирсэн.

Дайн болсон улсаас дутахааргүй олон хүн эмчилгээ, жор нь аль хэдийн тод болсон олон өвчний улмаас энэ улсад амиа алдсан байдаг. Олон өвчтөн, хүүхэд эмнэлэгийн шаланд эмчлүүлж байгаа гээд хэвтэж байхыг дэлхий харж байна, одоо. Тэд бүүр гайхаж байна, үүнд. Бас их айж эмээж байна. Мөн хүн заяаг ижилхэн тээж яваа болохоор бидний шалдаа хүртэл унасан эрүүл мэндийн байдлаас дэлхий ичээд байна. Бид харин ичдэггүй ээ!

Эрүүл мэндийн салбар, эмч мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн энэ салбарынхны хэрэг биш харин энэ цагийн бүх монголчуудын амин асуудал болж байна.

Эмч нар багш нар шиг дорд байдлаа дээр болгох гэж тэмцэж чадахгүй. Тэд тань хүний амь хамгаалаад завгүй яваа, ажилтай яваа. Тэгээд ч тэднээр тангараг өргүүлчихсэн.

МАН-АН өнгөрсөн 30 жилд улс орны оршихуйн тулгын 3 чулуу болсон эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлыг үнэнхүү муухай болгон орхисон доо.

Ингэж хэлэхээр мананд тархиа 30 жил угаалсан хар масс үгүй, үгүй гэж шаагилдах биз!

Тэгвэл үгүй үгүй гэж орилолдонгоо үүнийгээ үнэн бодит эсэхийг өөрийнхөө туулж яваа зээлэнд хүлэгдсэн амьдралыг цэнэлэнгээ, чирэнгээ л өөрсдөөсөө нэг асууцгаа!

Ямар байна даа, Үнэн бодит байна уу?

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

ҮГ ХЭРВЭЭ УЙЛДАГ БОЛ…

ҮГ ХЭРВЭЭ УЙЛДАГ БОЛ…

 

Үг хэрвээ үглэж гомдолдог бол цамнан уурсаж, уйлан гомдохоор болтлоо муухайгаар, муруйгаар, буруугаар овжин улс төрчид гэгчид хэрэглэгдэж ирсэн үг хэллэг  ардчиллын гэх цагийн монгол хэлэнд олон бий болжээ.  Ингэж гомдон уйлж, уурсан гомдолж буй үгс дотроос хамгийн ихээр буруугаар ашиглагдсан лав л дөрөв үг хэллэг байна. Ард түмэн, шударга ёс, жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ), хайр.

Ард түмэн, ард түмэн, ард түмэн. Ард түмэн бүгдийг мэднэ. Ард түмэн цэцийн дээр бий. Ардын нам, ардчилсан нам. Ард түмэндээ хайртай нам. Ардын засаг. Ард түмэндээ хайртай. Ард, ард, ард гэх.  Ингэж ихээр дээдлэгдээд байтал; ийм ихээр хайрлагдаад байтал, их л ихээр дуудагдаад байтал, бүхнийг хүртэл  нялаад байтал нөгөө ард нь үнэн байдал дээрээ ядуурч ажиллаад, ажиллаж ядуураад байх юм. Ард хоцорсон арван мянган ард, түмэн хүн бүү хэл олон түмнээр дорд, ядуу, дорой болсон байх. Үүнийг худлаа гэж “угаалгасан” тархиндаа эргэцүүлж яваа нэгэн байвал ийм хоёрхон хөдөлшгүй тоог эргэлдүүлж нэг хар л даа.  “Хүн амынх нь 70 хувь ядуу. Дундаж монгол хүний нэг цагийн ажлын хөлс хагас долларт хүрдэггүй”. Энэ нь хайрлаад хашгираад, хашгирч хайрлаад байгаа нөгөө 10 ардынх 7 нь бүр ядуу, бүр ард гэсэн үг л дээ. Энэ нь бас ард түмэндээ хайртай гэдгийг амины уншлага болгосон улс төрчид гэгчидтэй энэ улсад хүн ядуурч ажиллаж, ажиллаж ядуурдаг нь бодит болсон гэсэн үг л дээ. Нөгөө хайртай ард нь хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж яваа гэсэн үг. Ингэтлээ хуурмагаар хэрэглэгдсэн, сонсоход бөөлжис цутгахаар буруу ашиглагдаж ирсэндээ цамнаж уйлж байгаа “ард түмэн” гэсэн хөөрхий үгийг түр амрааж, түүнийг “олон түмэн” гэсэн энэ үгээр оруулж нэг хэрэглэж үзье. Онож ч бас мэднэ.

Шударга ёс, шударга ёс, шударга ёс. Шударга ёс тогтооё. Шударга бус хонгилыг нураая.  Шударга байцгаая. Шударга хүн, Шударга мал, Шударга, шударга, шударга. Шударга ёс ингэж ихээр улиг болтол хэллэгдэн дуудагдсан өнөөх цагийн энэ улсад гэвч хууль нь гууль, бодлого нь лобби болсон байх.  Газар доорх баялаг нь хуульчилж бичснээр бол нөгөө хайртай ардынх нь мэдэл, өмчлөлд байгаа бололтой атал  арддаа хайртай засгийнх нь шийдлээр ардын биш баяных, гадных болсон нь байх олон юм. Энэ нь угтаа  шударга ёсон бодлого лав л биш. Бас уг язгуур утгаараа  нөгөө л хайртай гэх ард түмнийх нь хөлсөөр бүтээгдсэн газар дээрх бүтээсэн нийгмийн баялаг, хуримтлуулсан мөнгөн хөрөнгө, сан нь бас арддаа хайртай нам, засгийнх нь бодлогоор ардынх биш харин цөөнхийнх, гадных болсон нь нэн олон байх юм. Энэ нь бас л угтаа шударга ёсон бодлого бус. Энэ мэтээр шударга ёс бус бодлогыг тоочоод бичвэл цаг хайран, цаас яйран болох биз .  Ингэтлээ хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн,  бодоход л гуниглал, гутрал, цөхрөл төрүүлдэг болтлоо буруугаар ашиглагдан яваадаа гутран урсгаж байгаа “шударга ёс” гэдэг хөөрхийлөлтэй энэ үгийг хэсэг амрааж, түүнийг “хууль ёс” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. Олигтой болж ч мэднэ.

ЖДҮ, ЖДҮ, ЖДҮ.  Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл (үйлдвэр) гэсэн үг товчлол юм.  Энэ үгийн утга нь  үйлдвэржсэн монгол улсын тээр цагийн иргэдийн хувьд бол хэлдэг хийрхдэг бус харин хийж бүтээсэн үйлс байсан юм.  Тэр цагийнхан үйлдвэрийн дүүрэгтэй, ажлын районтой байсан улс. Бүүр ЖДҮ –тэй байсан юм. Гэвч өнөөх өмч хувьчлалаар ЖДҮ-г сүйтгэснээс хойш ЖДҮ л ихээр яригдаж, ЖДҮ-дэх гэсэн үг хэллэг их бий болсон юм. Олны санаж байгаар тээр жилийн алдарт 20 дугаар тогтоолын өмнө тэд нэг ЖДҮ –дсэн юмдаг. Зээлээс бусдынх нь цэнэ мөнгөөр, тоогоор 2 дахин нэмэгдэж тогтоолжиход ЖДҮ тэгэж нэг айхтар хэрэглэгдсэн байдаг юм. Саяхан өндөр албан тушаалтны амраг садан, ахан дүүс бараг хүүгүй шахуу зээлийг гайхалтайгаар олж авахад ЖДҮ бас нэг ашиглагдаж байх шиг байна.  Энэ мэтээр ЖДҮ -гүй  намын хөтөлбөр, төрийн бодлого олоход энэ улсад олоход амаргүй дээ. Гэвч үнэндээ ЖДҮ бий болж ажилгүйдэл багасаж, нөгөө хайртай гэх ардын амьдрал сайжирсан зүйл одоогоор алга. Харин  энэ ЖДҮ –дэх зуурт ядуурсан хайртай ардынх нь ядуурлыг илтгэсэн  айхтар хоёр тоо бол бий. Тоо худал хэлдэггүй. Шилдэг олон ЖДҮ –тэй хоёр том улсын дэргэдэх жижигхээн зах зээлтэй манай улсад бүтэлтэйгээр ЖДҮ–дэж амжилттайгаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлдвэрийг байгууллаа гэхэд л тэр хөөрхий эцэстээ дампуурах л тавилантай, магадлалтай байна. Тэгэхээр ЖДҮ-дэх бодитой бус, харин хуурмаг биш үү, энэ улсад. Ингэтлээ хуурмагаар, бүр эсрэгээрээ хэрэглэгдэн,  эргэцүүлэхэд л эвгүйрүүлдэг болтлоо буруугаар ашиглагдан яваадаа уйлж гомдож байгаа “ЖДҮ” гэдэг хөөрхий энэ үгийг хэсэг амрааж, түүнийг “ГТҮ” гэсэн үгээр оруулж нэг ашиглая. ГТҮ гэдэг нь ганц том үйлдвэр гэсэн үг тул олж ч бас мэднэ.

Хайр, хайр, хайр. Хайраа, хайраа, хайраа. Хайртай, хайртай, хайртай. Хайртай шүү. Ингэж хайр, хайр, хайр гэлцэн хашгиралдах атлаа хайрлаж чадаж байгаа нь хэр олон юм дээ. Нэгэн цагт хайртай хайртай гэж хашгиралдаж суусан гэр бүлийн тань хэд нь хайран дундаа байгаа юм дээ. Нэг цагийн ажлын хөлс нь хагас долларын цэнэтэй улсад хичнээн хүн өрх тэргүүлж, өрхийн тэргүүн байж, өрх тэргүүлж явж чадах вэ дээ.  Ийм учраас өдөрт дундажаар хайраа хайраа гэж явсан хайран 10 гэр бүл хайраа салгаж байна. Олон хүүхэд энэ салаанд дунд салбайлж өсөж байна. Хайраа хайраа гэж хэчнээн хүн харьд хар ажил хийж харлаж хайраа мартаж байна даа. Хичнээн эр хайраа орхиж Японд ажил хийх, гэр бүл болохоор зуучлагдаж, бас зуучлагдахаар байна даа. Хичнээн эм хайртай гэж явсан эрээ хар ажил хийж байна гэж голж орхин харийг зорьж харлаж байна даа. Хайр хайраа гэж явсан хичнээн хос бие биеэ хайрлах бүү хэл үзэн ядаж, бүр егүүтгэж байна даа.  Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог гэв үү.  Хайр гэдэг үгийг хаа хамаагүй хашгиралддаг нь олон ч “нөхцөлгүй хайрлана, нөхцөлгүй хайр” гэдэг язгуур утгаар нь түүнийг ухааран амьдарч яваа нь ядуурал хаалга тогшсон энэ улсад хэр олон юм дээ. Ядуурал хаалга тогшсон энэ цагийнханд хамаагүй хаа сайгүй  буруугаар ашиглагдан хэрэглэгдэж яйран  болж орхигддогтоо харуусан асгаран уйлж яваа “хайр” гэдэг хайран энэ үгийг хэсэгтээ түр амрааж, түүнийг энэ цагийн өнгөнд тааруулж “халамж”  гэдгээр оруулж хэсэг явья.  Ядуурал хаалга тогшсон энэ цагт ингэх нь онож ч бас юу магад.

Төгөлдөр сайхан  утга агуулгыг нь хуурмаг болтол нь, аялгуун сайхан хөг өнгийг нь сонсоход  бөөлжис цутгамаар хүртэл нь муухайруулж  буруугаар, муруйгаар тэдэнд хэрэглүүлж ашиглуулж ирснээ бодон гомдон, уйлан  урсан цамнаж яваа хөөрхий “ард түмэн, шударга ёс, ЖДҮ, хайр” гэсэн энэ дөрвөн үгсээ түр хойш хайрлан тавьж нэг амраан  хэсэгтээ  “олон түмэн, хууль ёс, ГТҮ, халамж” гэсэн үгсээр оруулан хэрэглэж нэг үзбэл ер нь бас яадаг юм бол. Хөөрхий тэр эрхэм үгс минь хөөрхий. Хэсэгтээ жаахан амраг, тайвшираг.

Ц.Лувсандорж

2018 оны 12-р сарын 2-ны өдөр

 

Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?

Ингээд асуучих сэтгүүлч энэ улсад бий юу?

Манай сэтгүүлчид ядуу орны баян улс төрчдөөс дургүй нь хүргэхээрээ шууд асуучихдаг ийм нэгэн энгийн асуулттай болчихоод:

“Та яаж ийм баян болов оо”.

Тэгээд дургүй хүргэх үедээ ч юм уу, эсвэл тэд хар нүдний шил унагаж, сугандаа туупуу хавчуулсан юм болов уу гэмээр пээдийх үед нь ч юм уу, манай баян улс төрчдөөс түүнийгээ асуучихдаг бай л даа. Тэгэхэд тэд тэр бүрт тань эвгүйрч, шууд л нүцгэрнэ ш дээ. Та бас од сэтгүүлч болно.

Зарим нь энэ асуултад яахав ардад тааруулж ингэж хариулах байх.

“Би төрийн албанд насаар зүтгэсэн ядарсан улс төрч л дөө. Хар л даа” гээд өрөвдүүлэх хэвт орж үзээд, эцэст нь ингэж хэлнэ байх. “Эхнэр маань, нөхөр маань намайг төдий хүртэл тэжээж байдаг юм л даа” гэх биз.

Гэтэл тэгэж тэднийг тэжээгээд байх эмс, эрс тэр бүр энэ улсад бас хаа байхав дээ.

Огт эрдэм номгүй, ажилгүй нь бүү хэл, их эрдэм номтойнх нэг цагийн ажлын хөлс гэхэд л хамгийн ихдээ 10 хүрэхгүй доллар байгаа шүү, энэ улсад.

Монгол хүний нэг цагийн ажлын хөлсний дундаж өртөг хагас доллар биз.

Багшийн нэг цагийн ажлын хөлс 1 хүрэхгүй доллар байгаа байх аа.

Тэгэхээр өртэй монголын баян улс төрчдийг сайдаас өөр ажил огт хийдэггүй болтол нь 30 жил тэжээгээд байлгаж байх тийм эхнэр,бас нөхөр тэр бүр энэ улсад олдохгүй. Тийм ээ!

Тэгэхээр манай сэтгүүлчид амархан, гэхдээ тэднийг шууд л нүцгэлээд хаячих ийм нэг бэлэн асуулттай болчихооч!

Мөн асуух асуултгүй яана гэхгүй бас амар ш дээ. Бас од сэтгүүлч ч болж мэднэ.

Ц.Лувсандорж

2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Энэ сонгуулийн шинэ үзэгдэл

Энэ сонгуулийн шинэ үзэгдэл

Төрийн 5 дахь тэргүүнээ тодруулах гэсэн энэ сонгууль намын дампуурлыг дахиад л нотолж үлдэв. Нийт сонгогчдын гуравны нэг нь нэр дэвшигчдийг голдог, үлдсэн гуравны хоёроос нь 51 буюу нийт сонгогчдын 33,3 хувийн саналыг авчих нам ч, хүн ч байхгүй байгааг энэ сонгууль харуулж намын дампуурлыг дахиад нотлов. Улс төрийн нам энэ байдлаараа монголын улс төрийг авч явж чадахгүй нь дээ. Төсвийн мөнгө үрсэн, ялсан нэр дэвшигч байдаггүй, гурван хүний ядаж нэгийнх саналыг нь тод авчих улс төрчид  төрдөггүй. Ийм л дампуурал энэ улсын улс төр, намд нүүрлэв. Ийм л бохир, дорой байдал энэ улсын улс төр, улс төрийн хүчний өнөөгийн гутамшиг болов. Энэ гутам ядмаг байдлыг дахин харуулж байгаагаараа бус, харин дор дурдсан гурван шинэ үзэгдэл, хандлагыг үзүүлснээрээ энэ сонгууль бас шинэлэг, өвөрмөц, түүхэн  байв.   

 

 1. Нийслэлийнхэн сонгуулиар хариуцлага тооцох хандлагыг тод, илт үзүүлсэн. Нийслэлд МАН биш, харин АН илт, цэнхэртэн ялж байна. Энэ нь намтай ч, хүнтэй нь хариуцлага тооцсон хандлага шиг санагдав.Энэ байдал “сонгууль хариуцлага тооцолт” гэсэн утга санаа нийгмийн ухамсарын түвшинд хүрч бойжиж буйн нэгэн шинж юм. Энэ муу биш харин сайн шинж мөн.

 

2. Нийслэлийнхэн хийрхэлд авсаар хууртахгүй болтлоо ухаажсан байхад харин хөдөөнийхэн нэг хийрхэгчийн чин сэтгэлээсээ байж жүжиглэдэг том хууралтад амархаан өртөх нөгөө л ядмаг, зөөлөн аядуу, хэлбэл, өрөвч, цайлган сонголтоо хийсээр, хууртсаар байх эмзэгжилт тэдний дунд байсаар байгаа нь ажиглагдав. 

 

3. Цагаан хуудас өгч эсэргүүцлээ илэрхийлэх боломжийг манайхан анх ашиглаж намуудад “олигтойхон хүн дэвшүүлж, эсвэл, өөрсдөө зайл” гэсэн зөв шаардлагыг анх үзүүлж тэднийг сандаргав.

 

Хөдөөнийнхэн нийслэлийнхэн шигээ сонгуульд ухаажин хэрсүүжих хэрэгтэй юм. Тэд маань үүний тулд гэнэт нэг хийрхэгч чин сэтгэлээсээ  байгаа юм шиг том хуурч, уяарч, уйлж хайлж эхлэдэг нөгөө л улиг болсон арга залийг малаа шинжиж таньдаг шигээ олж мэдрээд хэрсүү, ухаалаг сонголт хийж чаддаг болтлоо хөгжвөл зохилтой. Үүний тулд тэднийг уншуулбал; үл хууртах ухаанд суралцуулбал бүр зохистой.

 

Монгол нутагт амилсан хийрхлийн хий үзэгдэл, хорлол хийрхэгчтэйгээ хамт төгсгөл болог. Үүний тулд энэ сонгуульд ажиглагдсан гурван хэрсжүүжилт улам хөрсжиг. Үүний тулд амархан уяарч хууртдаг хөдөөнийхэн хотынх шигээ л улам л хэрсүүжиг.

 

Хууралтаар бус харин хэрсүүжилтээр энэ  улс хийрхилизмийн хий үзэгдлээс сална.

 

Ц.Лувсандорж

 

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Letter to the IMF concerning Mongolia

World Culture Association 'One World, One Stage'

Dear sir,

For your information, I’m sending you this link of the largest demonstration against corruption to be held in Mongolia in the past 20 years, which took place last Friday.

It was non-political and not reported by any national media or TV.

https://www.facebook.com/groups/114369737762/permalink/10154725586012763/

Unless the recent past is faced properly, it’s hard to see a way forward. The social conditions are not going to get better with the same people at the helm, colluding with each other as they have always done. Mr Bayar is key in this, because he represents a culture of financial corruption that goes all the way down the line. The evidences are solid enough not to simply go away. He needs to clear his name or not by investigation from a neutral body before Mongolia can move on. His four years diplomatic immunity in the UK will only stagnate things further. At the moment…

View original post 97 more words

ГЭНЭН ХАЛТАР

ГЭНЭН ХАЛТАР

Хашаагүй юм шиг оромжийн галгүй юм шиг буланд Халтар даарснаасаа болж хөрвөөсөөр унтаж огт чадсангүй.Тас харанхуй хүйтэн тэр оромжиндоо тэрээр өндийн сууж, бага ч гэсэн дулаалцах санаатай гарын хоёр алгаа хооронд нь чангаар үрж “вүү, вүү” гэж үзэх. Ингэж суух зууртаа Халтар хүүхэд насаа эргэцүүлж нэг бодон, хамгаас хайртаа аавыгаа ихэд үгүйлж ихээр ихэр татан нилээд уйлав. Нүднээсээ нулимс гаргахгүй болтлоо уйлсан Халтар “Ингэж уйллаа гээд яах ч билээ дээ” гэж өөр өөртэйгээ шивнэн ярьж бостол гадаа жаахан гэгээ орсон байв. Тэрээр өчигдөр хэрэглэсэн, энд тэндээ өмөрч цоорсон халтар хэдэн шуудайгаа тэмтрэн олж аваад, бусдаас уртаж, хэдэн цэгээр хурдан амжиж орохоор осгочих шахам хоноглосон оромжоо орхин хөдлөх нь энэ.

Олон жил өвөл зунгүй, хавар, намаргүй алхсаар овон цовон, хонхор, цүнхэрийг нь андахгүй болтлоо ижилсэн тэр цэгүүдээр Халтар хурдан хурдан самнан орж, хуванцар сав, лааз, шил зэргээр хоёр шуудайгаа их хурдан дүүргэв. Дүүрсэн хоёр шуудайгаа холбож, мөрөндөө их л сурмаг байдлаар тохох зууртаа тэрээр “өнөөдөр ч ёндоох нээ” гэж өөртэйгээ ярина. Холбосон хоёр том шуудайны нэг нь урагшаа, нөгөө нь арагшаа унжсан тул өмнө шигээ тэрээр яаран хурдан алхаж үл чадавч амжиж хэдэн цэгээр орж, нэмж хоёр шуудайгаа бас дүүргэв. Сүүлд дүүргэсэн хоёр шуудайгаа өмнө шигээ мөн холбон нөгөө мөрөндөө тохно. Дөрвөн том шуудайг мөрөндөө ийнхүү тохож үүрсэн Халтар цаашилсаар бас нэг шуудайг дүүргэв. Сүүлд дүүргэсэн шуудайгаа нэг гартаа чирж, нөгөө гартаа бас нэг шуудайг барьж аван түүнийг хэрхэн дүүргэхээ бодон хэсэг амарч суухдаа тэрээр энэ хотын нэг өдөр аль хэдийн эхэлснийг сая л нэг ажив.

Машин замын нөгөө урсгалаар том гэгч хар машин хурдлан давхина. Жолооч нь харин, түүнийг хараад, нэг юм хэлэх шиг болоход Халтар “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь” гэж амандаа бувтнан босож, цааш зүтгэв. Хэд гурав алхсны дараа машин чигнаалдахад Халтар ядарсандаа зогсолгүй “чихгүй юм шиг” сонсоогүй мэт цааш алхана. Чигнаалдан чигнаалдсаар машин түүний дэргэд ирж зогсоход ачаатай тэмээ лугаа харагдах Халтар сая нэг зогсов. “Өмнө түүгээр өнгөрсөн хар машин уу даа” гэж Халтарыг бодох зуур тэр машинаас хар хөх өнгийн пиджакийг цэвэр цэмцгэр өмсөж, үсээ “үхэр долоосон мэт” самнасан ганган залуу эр гарч ирэв. Хоёр мөрөндөө хоёр хоёроор холбон үүрсэн дөрвөн шуудай хогондоо түүртэн зогссон Халтар “би ямар буруутай юм бол оо; намайг яах гэж байгаа юм бол; “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь” гэж өмнө хэлснийг минь арай сонсчихсон юм биш байгаа” гэж элдвийг хольж хутган сандчиж айх, гайхах зэрэгцэнэ. Ганган залуу дөхөж ирснээ “Эрхцагаан. Чамайг энэ хавиар байдаг гэж сонссон. Намайг санаж байна уу. Таньж байна уу” гэх. Хүнд ачаандаа ядарсан Халтар юу ч хэлэлгүй хэсэг зогссоноо, цааш алхах гэтэл, нөгөө ганган эр “Цагаанаа, хүлээ” гэв. Тэгээд “Хэсэг чимээгүй байснаа, Эрхцагаан, Миний ээж танайд үйлчлэгчээр ажилладаг байсан юм. Чамайг хардаг байсан даа. Чамтай тоглож өнгөрөөсөн нэг өдрөө би хэзээ ч мартддаггүй юм аа. Яагаав, Чи санаж байна уу” гэх. Мөрөн дээрх ачаандаа түүртсэн Халтар “Тэр хүнээс салахын түүс болж, Чи хүн андуурч байна“ гээд цааш алхав. Нөгөө залуу, “Найз нь одоо яарч байна” гээд “Хорин мянгын нэг дэвсгэртийг Халтарын гарт хүчээр шахуу бариулж, “Чи үүгээр явж байх байлгүй дээ.Эргээд уулзана” гээд машиндаа сууж, Халтарынхтай харьцуулшгүй хурданаар нүд ирмэх зуурт их урсгалд уусан алга болов. Ганган залуугийн гарт нь бариулсан мөнгийг харан Халтар хэлж заншснаараа “өнөөдөр ч ёндоож байна” гэж хэлээд хэсэг бодлогошрон зогсов. Хүйтэн оромжинд даарч хонож, эрт босон, тачигнасан өвлийн хүйтэн гудамжинд ийнхүү зүтгэсэн Халтарт халуун юм ууж, халуун хоол идэх л тухай л хамгаас их бодогдох.
Хоёр мөрөндөө хос хосоор холбож тохсон дөрвөн том шуудай хуванцар сав, лааз, шил үүрч, бас хоёр гартаа нэг нэг тийм шуудайг чирсэн Халтар “Үргэлж хөөгдөн туугдаж байдаг цайны газарт ойртон очин, тэдэнд аль болох мэдэгдэхгүй, бас өөрөө хараа хандуулж байж болох нэгэн буланг сонгон ачаагаа буулгаж янзлаад тэнд ороход цайны газрынхан ихээр уурлаж “муухай үнэртээд байна, гар, зайл, хоолны үлдэгдэл гараагүй байна, биднийг үйлчлүүлэгчгүй болгох нь уу, тэнэг ээ, халтар аа, чи” гэх зэргээр элдэвлэнэ. Тэгэхэд нь Халтар “Би мөнгө төлнө өө” гэв. Түүний энэ үгийг сонссон цайны газрын үйлчлэгч “эвэртэй туулай” үзсэн мэт болж, чихэндээ ч итгэхгүй янзтай зогсох. Тэрээр дахин, чадахаар л чангаар “Төлнө, мөнгө төлнө, мөнгө төлнө” гэв. Үйлчлэгчийн авир зөөлөрч “Тэгээд юу авах гээд байгаа юм вэ” гэх. Халтар “Нэг аяга халуун цай, халуун л бол ямар ч хоол яахав” гэв. Үйлчлэгч түүний хэлсэнг авчран “Зургаан мянга болсон” гээд “Мөнгө төлөхөөсөө өмнө хоолыг нь идчих вий дээ” гэсэн янзтай хэцүүхэн царайлж зогсох. Халтар түүнд ганган залуугийн өгсөн хорин мянгыг барихад үйлчлэгч түүнд нэг л итгэж өгөхгүй байгаа юм шиг царайлж байснаа гараа чичрүүлэн чичрүүлэн сарвайн өгснийг бөхөлзөн дуугүй авах нь цаана л өрөвдөлтэй харагдах.
Халуун хоолонд дулаацсан Халтар хариултаа авч, цайны газраас гарахдаа “Өнөөдөр ингээд больё. Эрт бууя. Нэг эрт амарч үзье” гэж өөрөө өөртэйгээ ярин ачаагаа үүрэхийг үүрч, чирэхийг чирчсээр хуванцар, лааз, шил авах цэг дээр ирэхэд бараа авагч “Ийм эрт ийм бага бараатай ирээд, чи чинь, өнөөдөр юу болов” гэж үглэнэ. Бараа авагчаас шуудай бүрээр баримжаалан тооцож олгосон хэдээ (төгрөг) аваад сурсан зангаараа тэрээр “өнөөдөр ч ёндойж байна аа” гэж хэлээд гарав. Тэндээс буцах замдаа Халтар гал болох хэдэн мод, гол халаах ганц юм аваад оромжиндоо их эрт ирэв.
Өглөө уйлж гарсан оромжиндоо орж галаа түлж голоо халаан элдвийг эргэцүүлэн суусан Халтарт өнөөдрийн уулзсан тэр ганган залуугийн дүр эргэн орж ирэх. “Тэр хэн вэ, тэр бага залууд минь намайг өхөөрдөн дууддаг байсан миний нэрийг яаж мэддэг байна аа” гэх зэргээр эргэцүүлж байтал “Гэрийнх нь үйлчлэгчээр ажиллаж, өөрийгөө нь хардаг байсан Цэцгээ эгч нь гэнэт бодогдов. Сайхан цаг байжээ” гэж Халтар санаа алдан ийнхүү бодлогошрох.
“Аав минь намайг их хайрлаж, бүхнээ л зориулдаг байж дээ. Бага байхад надад ээжээс минь бусад бүх зүйл байлаа. Мэдээ орохоос Цэцгээ эгч аавыг минь өглөө ажилдаа гарахаас өмнө ирж, аавыг минь орой гэртээ ирсний дараа явдаг байж. Нэг өрөөгөөр дүүрэх шахсан тоглоом надад байдагсан. Хамт тоглох хүүхдийг олох гэж аав минь их хичээдэг байв. Нэг өглөө хамт тоглохоор тохирсон хүүхэд өглөө гэнэт ирээгүй тул Цэцгээ эгч өөрийнхөө хүүхдийг авчирч бид өдөржин тоглосон юм даг. Өнөөдөр уулзсан тэр ганган залуу маань Цэцгээ эгчийн тэр хүүхэд байх наа. Мөн сонин учрал, содон амьдрал аа” гэж Халтар бодох зуураа өөрөө ч мэдэлгүй жуумалзав.
“Аав минь хамгийн сайн хувийн сургуульд намайг оруулж, би бусдаас илүүтэйгээр онц дүнгээ авдаг байв. Бас аав минь намайг хамгаас ихээр халамжилж эрхлүүлдэг байсан тул үеийнхэн маань намайг “эрх” гэж шоолдогсон. Би аавынхаа цайвар цагаан царай, хар үсгийг авсан тул тэдний зарим нь намайг “цагаан аа” гэж өхөөрдөн, дотночилон дууддагсан. Энэ хоёр дуудлага яван явсаар би чинь “Эрхцагаан” гэсэн нэртэй ч болж байжээ. Эрхцагаан. Аятай сонсогдох сайхан нэр” гэж өөртэйгээ ярих зууртаа Халтарын царай ихэд барааж амандаа “Эргүү халтар” гэж байхдаа яахав дээ гэж өөртөө дурамжхан хэлээд, “Гэнэн халтар” нь арай дөнгүүр сонсогдох юм даа гэж бодон, болсон явдлыг ийнхүү дурсана.
Тээр жил өнөөдөр шиг нэг өдрийг өнгөрөөж бараагаа өгч ёндойцгооссон хэдэн халтар нэгэн оромжид цугларч голоо халаан нилээд хөөрцгөөв. Хүн бүр л өөр өөрийн амьдрал, ийнхүү амь зуух болсон түүх үүхээ ярив. Одоо “Тэр халтарын ээлж” гэж нэг нь намайг заав. Бусад нь надад руу зэрэг харахад би ийнхүү ярьж эхлэв.
“Аав маань намайг ихэд хайрлаж өсгөсөн. Өнгөрөхдөө надад бүх өмчөө үлдээсэн юм. Хоёр хаус. Том, жижиг хоёр машин. Их хэмжээний газар. Тэр үед би та нарын өмнө ингэж суугаа халтартсан нэгэн хог түүгч халтар биш харин “Эрхцагаан” гэж дуудагдсан, охидыг араасаа гүйлгэсэн, мөнгөөр дутаагүй, ажил хийж үзээгүй энх танхи нэгэн байлаа шүү дээ. Их, бага, дунд сургуульд сурах гэж ядарсангүй. Аав маань миний төлөө их хөөцөлдөж, би ч багш нараас авах ёстой онц дүнгээ хариуд нь дураараа авч явлаа. Архи дарс хэрэглэгддэггүй, өмч хөрөнгөтэй, зүс царайтай явсан надтай гэрлэх санал тавьсан охид ч олон, сонголт ч их байв. Тэднээс нэгэн сайхан бүсгүйг сонгон гэрлэж эцэг болж ч явлаа шүү дээ, би” гэж ярьж байтал тэндээс нэгэн халтар “За, чи битгий худлаа залаад бай. Хоёр хаус чинь тэгвэл хайччихсан юм” гэх. Тэгэхэд нь Эрхцагаан “Хойно гарна аа. Жаахан хүлээ” гээд ийнхүү үргэлжүүлэв.
“Амьдралын минь түшиг болсон ааваасаа хойш би гэдэг хүн чинь зээлээр амьдрагч л болов оо. Эхлээд “Түрээслэж мөнгө олоорой” гэж захиж үлдээсэн хаусыг нь зээлийн барьцаанд тавив. Зээлийн хүүгээ төлж чадахгүй байсаар эргээд хаусаа банканд алдав. Дараа нь “Аж ахуй эрхлэж ахуй амьдралдаа дэм болоорой” гэж үлдээсэн их хэмжээний газрыг нь бас л барьцаанд тавьж банкнаас мөнгө зээлж хэсэг амьдрав. Мөн зээлийн хүүг цагт нь төлөөгүйгээс болж газраа бас л банканд өгөв. Дараа нь, “Хөл дүүжилж явах, бас эр хүн байна даа, гангархах цагтаа унаж гангарч яваарай” гэж захиж үлдээсэн том машинаа мөн л барьцаанд тавьж эцэст нь өмнөх шиг л мөн банкных болгосон доо. Дараа нь хаусаа хямд зарж нэг өрөө болгон зөрүү мөнгөөр нь хэсэг амь зуув. Мөнгө багасаж ирэх цагт “сайхан” гэж сорчилж суусан бүсгүй маань “муухай” болж, надаас салах өргөдлөө шүүхэд өгчихдөг юм байна. Хүү маань арван зургаа хүрээгүй, бага байсан тул шүүх ааваас минь үлдсэн нэг өрөө байрыг маань эхнэрт шилжүүлэв. Дараа нь машинаа зарж хүүдээ тус дэм болж хэсэг амь зуув. Нэг удаа хүүгээ санаад нэгэн цагт минийх байсан байраа эргэж ирэхэд эхнэр явсан эмэгтэй маань “амьдрах чадваргүй, үхээнц” гэх мэтээр элдвээр хэлж дахин үүгээр үзэгдвэл “тонилгоно” гээд “нэг л булчин шөрмөс нь зангирсан айхтар залууг гаргаж надад харуулсан даа” гэж яриагаа дуусгатал, нэг халтар “Чиний ярьсан үнэн бол чи ч ёстой эргүү халтар юм даа” гэж харамссан янзтай хэлэхэд, нөгөө халтар “Чи, ёстой, гэнэн халтар байна даа” гэх.
“Тэр цагаас хойш, намайг халтарууд “гэнэн халтар” гэж хочлон дуудах болсон юм даа. Одоо ч энэ нэрэндээ дасаж ш дээ” гэж Халтар өөрөө өөртэйгээ ярих, бодохын хооронд байхдаа галаа түлэж, голоо халаасны илчинд дулаацаж сүүрмэглэн дуг хийв.
“Миний хүү муу хүн биш ээ. Миний хүү хүнд муу зүйл хийгээгүй. Миний хүү аавыгаа уучлаарай. Аав нь хүүдээ, ирээд буцах богинохон амьдралд хэрэгтэй бүх зүйлийг үлдээхсэн гэж зүтгэж явсан; өвлүүлсэн гэж бодож одсон. Гэвч, аав нь хүүдээ, үдлээд буцах лугаа зурвасхан амьдралыг хүн ажил хийж, хөдөлмөрлөж туулдаг жам ёсыг л ухааруулаагүй байсан байна лаа… Гэхдээ миний хүү, одоо, түүнийг өөрөө ухаарсан байна аа. Сайн байна, миний хүү…Ирээд буцдаг энэ амьдралд, миний хүү амь зуух гэж хүн, амьтанд муу зүйл хийсэнгүй. Харин эргээд, инээгээд, ингээд буцаад ирэх их хувьтайгаар оршиж чадлаа, тэнд, …Сайн байна. Миний хүү” гээд аав нь хүүгээ тэврэн үнсэх шиг болоход Эрхцагаан “Аав аа” гэж дуу алдав.
Эрхцагаан хэдхэн хоромын өмнө сүүрмэглэн эхлэн дуг хийж үргэлжилсэн гүн нойрноосоо ингэж нэг сэрэх шиг болоход түлсэн гал нь эрхсийн одод лугаа цогшиж, оромж нь ордон лугаа гэрэлтэх.

Жич: Ирээд буцах зурвасхан эгшинд “муухай царайт”, “хог түүгч” гэх зэргээр адаглагдан захчилагдаж эгэл борхоноор амь зууж яваа энэ цагийн тэр нэгэн бүл хүмүүст энэхүү бичвэрээ зориулав. Хүнийг харагдаж байгаагаар нь цэгнэж үл болно. Эгэл борхон
амьдрагч тэр эгэлгүй нэгэн байсан ч байж болно.

2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Шарга морьтын замд

Золиос

Золиос
Хөдөлмөрлөөгүй, улс төрийн шийдлээр баяжисан 1 хувиас бусад нийгмийн бүх бүлэг ардчилсан нэрээр хийгдсэн гамшгийн золиос, хохирогч юм. Энэ золиосуудыг 3 ангилж болно. Үүнд: 1. 1990 гэхэд ажил, амьдрал эд жагссан үеийнхэн буюу тэр үед 40-50 настай хүмүүс. 2. 1990 гэхэд цэл залуу байсан үеийнхэн буюу тэр үед 22-35 настай байсан залуус. 3. 1990 гэхэд төрж байсан буюу тэр үед 1-20 настай хүүхдүүд. Үе бүхэн гамшигт гундсан, гандсан, дордсон, доройтсон, эцэстээ, ихэнхи нь амьдралд хөл алдсан байх.

Нэгдэхь золиос цэл залуу насаа зориулсан нийгэм, улсаа нуран унаж байхыг харж гундсан; бас үнэт зүйл гэж бодож явсан нь үнэ цэнэгүй болж буйг үзэж гандсан; өмч цуглуулаагүй, харин эх орон, нийгмийн төлөө үнэнчээр зүтгэж явсныхаа төлөө мөнгөний нийгмийн үр хүүхдэдээ адаглагдан дорд үзэгдэн доройтож, ихэнхи нь нийгмийн доод давхаргад очиж одсон байх.

Хоёрдахь бүлгийн золиосууд итгэл үнэмшил, үнэ цэнэ, өмчгүйн үзэл, эх орон нийгмийн төлөө үнэнчээр ажиллана, зүтгэнэ гэсэн чанараараа өмнөхтэйгээ яг адил. Өмнөх бүлгийн золиосоос эрс ялгаатай нэгэн шинж тэдэнд бий. Тэдэнд эрдэм мэдлэгээс өөр юу үгүй байв. Тэдэнд оромж байсангүй. Тэдэнд ажил байсангүй. Хулгай хийхгүй, худал хэлэхгүй гэсэн хүмүүжил харин байв. Бас цэл залуу нас л байсан. Тэд цэл насныхаа хүчээр дор дороо өөр өөрийнхөөр л зүтгэж үзэж дарсан. Гэвч их цөөхөн нь өөрийгөө өрөнд оруулалгүй л тэсэж үлдсэн байх. Ихэнхи нь өмч, хөрөнгө, мөнгө, буруу үзэл номлолын золиос болсон байх. Тэд одоо харин 50 гарчээ. Тэтгэвэр суужээ. Тэд цэл залуу насаа золиос болгосондоо гундаж суух. Ихэнхи нь цөхөрсөн, сөхөрсөн байх. Тэд харин одоо гамшгийн гайг гүн ухаарсан байх.

Золиосын гуравдахь үе бол одоогийн цэл залуухан залуус, залуухан хөгшид юм. Тэдэнд өмнөх үеийнхэн үлгэр мэт байх. Тэдэнд өмнө үеийнхэн тэнэг мэт байх. Тэд “үсний үзүүрт сэрэл хөдөлж байна” гэж хээв нэг дуулна. Тэр нь үнэ цэнэ болж хит болдог. Тэдэнд мэргэжил, мэдлэг, эрдэм ном гэхээс илүү халтар бор мөнгө л чухал. “Мөнгө, мөнгө, мөнгө” гэж дуулдаг. Түүний төлөө өглөөнөөс өглөө хүртэл шогждог. Тэдний үнэт зүйл нь мөнгө. Тэдний замнал ном биш харин нам байх. Тэднийг харахад эр, эм илт ялгагддаггүй. Солонгос шийгээр өлгийтэйгээсээ эхлэн тархи угаалсны гай нь тэр. Тэдний ший нь алаан хядаан, буудалцаан. Америк ахыгаа дуурайж байгаа нь тэр. Тэд мөнгөжсөн сурталчилгааны боол мэт байх. Хорыг хоол гэж сурталчилсан сурталгаагаанд хөтлөгдөн хоол биш хорыг хээв нэг идэж ууж суух. … Тэдэнд эх орон гэж яривал эргүү хүн болох нь хэвийн. Тэдэнд ном яривал дүлий мэт суух. Тэдний эх хэлний үг, өгүүлбэр бүр “ш..;ш..; ” -тай эхлэж, “p…; р….’ -тай өрнөж, “f…; f…”-тай төсгдөг … Ном уншдаггүй, тэгэхээр бичиг мэддэггүй. Өргөдөл бичиж чаддаггүй. Ажил хийж үзээгүй… Мөнгө, мөнгө, мөнгө … Гэр бүлийн хатуу хүмүүжилтэй цөөхөн хэд нь арга барахдаа гадаадад сурсан нэрээр ажил хийдэг, эсвэл, зарим нь шууд гадаадад гарч боолын ажил хийж өөрийнхөө хөлсөөр амьдрах гэж зүтгэж үзэх. Ийм л нэгэн золиос монголын ирээдүй болж харагдах. Гамшгийн жилүүд ийм залуусыг ингэж бүтээж дээ. Тийм л золиосуудыг бий болгож дээ.

Золиос үгүй зүйл үгүй. Гэхдээ нийгмээрээ золиослогдсон байж үл болох. Тийм нийгэм байна. Тэр харин буруу.

Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сар 4-ний өдөр

Уяатай ганц хонь

Уяатай ганц хонь   Ганц хонь уяатай. Уяандаа майлаастай. Майлаандаа уйлаантай. Уйлаандаа харуусалтай. Харуусалдаа нэхэлтэй.   Хонин эхийн эрх энэ ганц. Хонин сүргийн хэнз энэ ганц. Хээтэй…

Source: Уяатай ганц хонь